| |
Монголдох ядуурал ба түүний шалтгаан
1990 оноос эхэлсэн зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн жилүүдэд ядуурал Монголд буй болж, түгээмэл үзэгдэл болсон юм. Энэ үеэс эхлэн ядуурал тус улсад эрчимтэй өсөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн маш бага түвшнээс өнөөдрийн хүн амын 3- ний нэгийг хамарсан түвшинд хүрээд байна. Дэлхийн банкнаас 1998 онд гаргасан судалгаагаар Монголын хүн амын 36 хувь нь ядуу гэж гарсан.
Монголдох ядуурын анхдагч шалтгаан нь хуучин ЗХУ-тай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцаа тасарсаны улмаас үүссэн эдийн засгийн хямрал, улсын төсвийн хомсдол, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш уналт зэрэг хүчин зүйлүүд байлаа. Үндэсний олон үйлдвэрүүд бүрмөсөн дампуурч, дампуураагүй үлдсэн нь хувьчлагдсанаар засгийн газар зөвхөн татвараас орж ирэх тодорхой бус орлогоор амиа зогоох болсон. Хувьчлагдсан үйлдвэрүүд нь зах зээлийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтүүд хийсэн нь хөдөлмөр эрхлэгч хүн амын 4/1-ээс илүү хувийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан байна. Энэ бүхэн нь хүн амын амьжиргаа, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээний чанар, хүрэлцээнд сөрөгөөр нөлөөлсөн юм.
Монгол дахь ядуурлын шалтгааныг тодорхойлоход эдгээрээс гадна ядуурлыг хурцатгаж буй бусад хүчин зүйлүүдийг авч үзэх нь зүйтэй. Монголдох ядуурлын өнөөдрийн гол шалтгаан, оршиж байгаа нөлөө нь дараахи зүйлүүдтэй холбоотой байна. Үүнд:
- Нийгмийн халамжийн үйлчилгээ муудсан. Төсвийн хомсдолнь засгийн газрыг нийгмийн үйлчилгээнд, ялангуяа нийгэм хамгааллын тогтолцоонд мөнгө зарцуулах боломж олгохгүй байна.
- Төсвийг буруу зарцууж байгаа. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй буруу зарж байгаа, дээр нь төрийн албан тушаалтнуудын авилгал хээл хахууль газар авсан нь төсвийг удам хямралд оруулж байна.
- Хувь хүн, компаниуд татвараас зайлсхийж байгаа. Татвараас зайлхийх явдал тус улсад их байгаа нь засгийн газрын нийгмийн бодлого хэрэгжүүлэх, тухайлбал олон нийтэд хангалттай нийгмийн халамж үзүүлэх боломжийг хязгаарлаж байна.
- Гадаад өр өсч байгаа. Тус улс нь гадны зээлэнд хэт их түшиглэх болсон эцэстээ эдийн засгийн хөгжилд том хаалт болж байна.
- Олон улсын худалдааны тогтолцоо шударга бус, өрөөсгөл байгаа. Олон улсын эдийн засгийн байгууллагуудын гаргасан худалдааны нөхцөл, дүрэм журам нь Монгол болон бусад буурай хөгжилтэй орнуудад хохиролтой байна.Тухайлбал, ДХБ-ын “чөлөөт худалдаа”-ны бодлого нь хөгжиж байгаа улс орнуудыг үндэсний үйлдвэрлэгчдээ гадны том кропорациудад цохиулахаас хамгаалах боломж өгдөггүй.
- Дотоодын үйлдвэрлэл багассан. Дотооддоо үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүдийн хэмжээ багассан нь тус улсыг бусдын эдийн засгаас хараат болгож байна.
- Төрийн бодлого үр дүн муу байгаа. Бид улс орны эдийн засгийн бодлого, энэ талаархи хууль тогтоомжийг эргэцүүлэн дүгнэж, урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хүргэж чадах бодлогыг сонгох хэрэгтэй юм.
- Ядуу хүмүүсийн хүний эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуу ховор байгаа нь. Ядуу дорой хүмүүс тэр бүр хүний үндсэн эрхээ эдэлж чаддаггүй. Тиймээс иргэний нийгмийн гол үүрэг бол тэднийг хүний үндсэн эрхээ эдэлэхэд туслах явдал юм.
Бидний зорилго
Улсаа хөгжүүлье ТББ нь Монголдох ядууралтай тэмцэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Эдийн засгийн өсгөхгүйгээр ядуурлыг бууруулна гэж байхгүй. Тиймээс тухайн байгууллагыг үндэслэн байгуулагачид нь байгууллагын гол зорилгыг худалдаа, хөрөнгө оруулалтын талаар зөв зохистой бодлого боловсруулах, экспорт хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал хэмээн томъёолсон болно.
Ядуурлын эсрэг тэмцэх нь дан ганц төрийн санаа тавих ажил биш, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага болон ядуу зүдүү байдалд буй хүмүүсийн өөрсдийн ч зайлшгүй оролцох ёстой үйл хэрэг юм. Тиймээс бидний энэхүү байгуллага нь эдгээр бүх орлцогчдын хооронд гүн гүнзгий стратегийн хамтын ажиллагаа буй болгох, тэгсэнээрээ Монголдох ядуу зүдүү байдлыг эцэслэх болон улс орныхоо эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд бүх хүмүүсийг татан оролцуулах явдлыг хангана.
Хэрэв бид бүгдээрээ ядуурлыг бууруулах энэ үйлст оролцвоос та бидний эх орон Монгол улс маань эдийн засгийн хувьд биеэ даасан, өндөр хөгжилтэй, баян улс гүрний нэг болж чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
|